Хуулийн этгээдийн нэр авахад анхаарах зүйлс
«Хуулийн этгээдийн нэр»-ийн программыг 2005 оны 6 дугаар сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь улсын бүртгэлд хуулийн этгээдийн нэрийн давхардал гарахаас сэргийлж, бүртгэлээс лавлагаа өгөх, хайлт хийх үйл ажиллагааг хөнгөвчилж, төрийн үйлчилгээг зардал, чирэгдэл багатай үзүүлэхэд чухал ач холбогдолтой болсон байна.
ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хууль зүйн сайдын 2015 оны А/41 тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ыг мөрдлөг болгон хуулийн этгээдийн нэрийг олгож баталгаажуулж байна.
Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад анхаарах зүйлс. Үүнд:
 
Д/д Журмын заалт Анхаарах зүйлс
1 1.3.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасан харъяалал харгалзахгүй гаргана. Хуулийн этгээдийн нэрийг 21 аймгийн болон Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс, нийслэлд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас иргэний харъяалал харгалзахгүй хаанаас ч авч болно.  
2 1.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газарт нэр олгохгүй бөгөөд тухайн хуулийн этгээдийн нэрээр нэрлэгдэнэ. Хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газар байгуулах бол нэрийн баталгаажуулалт авахгүй бөгөөд харъяа аймгийн болон Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс, нийслэлд Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ авна.
3 2.1.Иргэн, хуулийн этгээд нь нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэн эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно. Нэр баталгаажуулах хүсэлтийг биечлэн эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно. Цахим хэлбэрээр гаргахдаа www.burtgel.gov.mn цахим хуудасны “Хуулийн этгээдийн цахим бүртгэл” гэсэн хэсэгт өөрийн регистрийн дугаар, и-мэйл хаягаар бүртгүүлэн эрх авч Нэр баталгаажуулах хүсэлт гаргана.
4 2.2.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах хүсэлтийг дараах эрх бүхий этгээд гаргана: 2.2.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага; 2.2.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч; 2.2.3.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.  
5 2.3.Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.  
6 2.4.Иргэн, хуулийн этгээд ажлын нэг өдөрт 3 хүртэл нэрийг баталгаажуулж болно. 3-аас дээш нэр баталгаажуулах бол дараа ажлын өдөр дахин 3 нэр баталгаажуулах боломжтой.
7 3.1.Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно. Энэ нь хуулийн этгээдийн нэр бичвэр, хэлбэр, авиа зүй, дуудлагын хувьд ижил төсөөтэй байж болохгүй юм.
8 3.2.Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр бичигдсэн байна. Монгол Улсын төрийн албан ёсны хэл “монгол хэл” тул хуулийн этгээдийн нэрийг зөвхөн кирилл үсгээр бичиж баталгаажуулна.
9 3.3.Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй. Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт. Энэ нь Next гэдэг нэрийг Нэкст гэж кирилл үсгээр баталгаажуулж асван бол өөр иргэн Некст гэж баталгаажуулж авч болохгүй гэсэн үг.         
10 3.5.Энэ журамд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн нэр тодорхой утга илэрхийлэхгүй, дан үсгээс бүрдэж болох ба энэ тохиолдолд бүх үсэг томоор бичигдэх бөгөөд хооронд нь тэмдэг, тэмдэглэгээ хийхгүй. Жишээлбэл: ББАААД, ЦТМС, ПАДЭ, ББАЦ, ЧГ гэх мэт.  
11 3.6.Хуулийн этгээдийн нэрийн урд болон ард хуульд заасан үйл ажиллагааны чиглэлийг илэрхийлсэн үг эсхүл товчилсон үгийг бичнэ. Жишээлбэл: “Алтан төгрөг ББСБ”, “Монгол даатгал”, “Хадгаламжийн банк”, “Мон аудит”, “Өмгөөллийн мэргэн ХХН” гэх мэт. ББСБ, даатгал, банк, аудит, өмгөөллийн гэх мэт үсэг, үгийг бичнэ.
12 3.9.Төрийн бус байгууллагын нэрийг гадаад үг, товчилсон үсгээр баталгаажуулахгүй. Жишээлбэл: Монголиан девелопмент ассоциаци, МХӨТ нийгэмлэг гэх мэт. Төрийн бус байгууллагууд нэрээ олон улсын хэмжээнд англи болон бусад гадаад хэлээр орчуулан харилцдаг мөн нэрийн товчлолоо ашигладаг тул давхардуулан олгохоос сэргийлсэн.
13 3.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй оноосон нэрийн өмнө эсхүл хойно нь зохион байгуулалтын хэлбэр заасан үгсийн хамт баталгаажуулахгүй. Жишээлбэл: “Төмөр” гэж нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй бол “Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт. Монголын урлагийн холбоо” гэж бүртгэлтэй бол “Монголын урлагийн нийгэмлэг”, “Монголын урлагийн зөвлөл” гэх мэт нэрийг баталгаажуулахгүй.
14 3.11.Энэ журмын 3.10 дахь заалт нь тухайн нэрийг анх баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдэд хамаарахгүй. ““Төмөр корпораци”,“Төмөр групп“, “Төмөр холдинг”, “Төмөр консерциум” гэх мэт нэрийг “Төмөр” гэсэн нэртэй хуулийн этгээд авч болно.
15 4.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу  хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр хадгална. Энэ хугацаа улс төрийн нам, шашны байгууллагын нэрийн баталгаажуулалтад хамаарахгүй. Улс төрийн намын бүртгэлийг  Монгол Улсын Дээд шүүх хөтөлдөг, Шашны байгууллага үүсгэн байгуулах зөвшөөрлийг Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас олгодог тул нэрийн баталгаажуулалтын ажлын 10 өдрийн хугацаа хамаарахгүй.        
16 4.6.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ журмын 4.5-д заасан хугацаанд гаргаагүй бол нэрийн баталгаажуулалт хүчингүй болно. Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсөн бол нэрийн баталгаажуулалтын хуудсаа авч ирэн дахин шалгуулж өөр иргэн хуулийн этгээд аваагүй тохиолдолд дахин баталгаажуулж болно.
Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтөө ажлын 15 өдрийн дотор бүртгэлийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ үү
Хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтөө ажлын 15 өдрийн дотор бүртгэлийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ үү. Эс бөгөөс Зөрчлийн тухай хуулиар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль хүлээхийг анхаарна уу.

11.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:

11.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн болон хувийн хэргийн дугаар;

11.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;

11.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;

11.1.4.хуулийн этгээдийг шинээр байгуулсан, эсхүл өөрчлөн байгуулсан тухай;

11.1.5.үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

11.1.6.үүсгэн байгуулах баримт бичиг;

11.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

11.1.8.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдөр;

11.1.9.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

11.1.10.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт;

11.1.11.хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг.

11.1.12.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

11.2.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.