Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар сарын  2-ны  өдөр                             Улаанбаатар хот                                                Дугаар 280

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хаягжуулалтын тухай” хуулийн 4.7-д заасныг тус тус үндэслэн, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг 2014 онд багтаан зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд, холбогдох стандартыг шинэчлэхийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайванд, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд тус тус даалгасугай.

3. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн өөрчлөлттэй уялдуулан улсын бүртгэл дэх иргэний болон хуулийн этгээдийн хаягийн мэдээллийг шинэчлэн зохион байгуулах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, харилцаа холбоо, шуудангийн хаягийг өөрчлөн сайжруулах  ажлыг  Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус даалгасугай.

4. Журамд заасны дагуу хаягийг байршуулах, ашиглах, хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах болон холбогдох бусад шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Хаягжуулахад шаардагдах хөрөнгийг нэг удаа улсын төсвөөс, цаашид жил бүрийн орон нутгийн болон улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус үүрэг болгосугай.

6. Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан яам, агентлаг, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                      Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд                                                               Ц.БАЯРСАЙХАН

 

Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолын хавсралт

ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ ХАЯГЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөд хаяг олгох дэс дараалсан үйл ажиллагааг гүйцэтгэхэд энэхүү  журмыг  баримтална.

1.2. Энэ журмыг батлагдахаас өмнө олгосон үл хөдлөх эд хөрөнгийн хаяг нь энэхүү журмаар тогтоосон нөхцөлд тохирохгүй байгаа бол журамд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хэвээр мөрдөгдөнө.

1.3. Журамд заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.3.1. “хаяг” гэж геодезийн хэмжил зүйгээр тодорхойлогдсон солбицол, газар зүйн нэрийн толиор баталгаажсан нэр бүхий газар нутаг, хот, суурин газрын гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тодорхойлох нийтэд ойлгомжтой үсэг, тоо хосолсон илэрхийллийг;

1.3.2. “хаягжуулах” гэж хаягжуулалтын стандарт[1], зааврын дагуу үл хөдлөх эд хөрөнгөд дугаар оноох, олгох, өөрчлөх, мөн хаягийн зураг зохиох, хаягийн жагсаалт үйлдэх, хаягийг стандартын дагуу үйлдвэрлэж байршуулах цогц үйл ажиллагааг;

1.3.3. “хаягийн зураг” гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт харъяалагдах үл хөдлөх эд хөрөнгийн нэр, дугаар, байршлыг дүрсэлсэн байр зүйн сэдэвчилсэн зургийг хэлэх ба төслийн шатанд баталгаажаагүй байгаа урьдчилсан хаягийн зураг, нийтийн хэрэгцээний хаягийн зураг гэж хоёр ангилна;

1.3.4. “хаягийн иж бүрдэл” гэж Монгол Улс, засаг захиргааны нэр, газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг, үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн нэр, дугаар зэргийг дэлгэрэнгүй болон товчлон бичсэнийг;

1.3.5. “хаягийн жагсаалт” гэж хаягийн иж бүрдлээр нь газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлэж гаргасан хүснэгтийг;

1.3.6. “хаягийн тэмдэг” гэж хаягжуулалтын стандартын дагуу үйлдвэрлэн, газарт суулгах зориулалтын багана дээр бэхэлсэн газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэргийн нэр, дугаар, хаягийн зураг бүхий самбарыг;

1.3.7. “төлөвлөлтгүй суурьшсан хэсэг” гэж ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт эмх замбараагүй баригдсан эсхүл суурьшсан, тодорхой газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон зэрэгт харъяалах боломжгүй хэсэг үл хөдлөх эд хөрөнгийг;

1.3.8. “хаягийн код” гэж хаягжуулалтын стандартын дагуу нэгдсэн байдлаар тусгайлан ангилж, товчилсон хэлбэрээр тэмдэглэхийг;

1.3.9. “гудамж, зам” гэж зорчигчид, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвхөн нэг буюу хэд хэдэн урсгалаар нэвтрүүлж өнгөрүүлэхэд зориулагдсан, инженерийн дагалдах хэсгүүдтэй байж болох түр буюу суурин байдлаар байгуулсан зурвас талбайг хэлэх ба хөдөөгийн шороон зам, засмал болон шороон гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, нарийн гудамж гэх мэт олон төрөлтэй байна[2];

1.3.10. “талбай” гэж инженерийн дагалдах хэсгүүдтэй байж болох түр буюу суурин байдлаар байгуулсан олон нийтийн зориулалтай, тодорхой орон зай бүхий газрыг.

Хоёр. Хаяг олгох үйл ажиллагааны дараалал

2.1. Хаягийг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:

2.1.1. газар нутаг, суурин газарт байгаа гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг, үл хөдлөх эд хөрөнгөд нэр, дугаар төлөвлөж хаягийн төслийн байр зүйн сэдэвчилсэн зураг үйлдэх;

2.1.2. тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Хаягийн    зураг”-ийг хэлэлцүүлж баталгаажуулах;

2.1.3. хаягийн тэмдгийг хаягжуулалтын стандартын дагуу үйлдвэрлэх, байрлуулах, эзэмшигч, ашиглагчтай хадгалалт, хамгаалалтын гэрээ байгуулах;

2.1.4. хаягийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулах, хаягийн жагсаалт хэвлэх;

2.1.5. баталгаажсан хаягийн зураг үйлдэх, олон нийтэд түгээх.

Гурав. Хаягийн төслийн зураг хийх

3.1. Тухайн газар нутаг, суурин газарт байгаа гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг, тэдгээрт хамаарах үл хөдлөх эд хөрөнгийг нэр, дугаараар нь хөдөөд 1:25000-100000-ны, суурин газарт 1:1000-5000-ны масштаб бүхий байр зүйн дэвсгэр зурагт оруулж хаягийн төслийн зургийг хийнэ.

3.2. Хаягийн зургийг Геодези, зураг зүйн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг баримтлан хийж гүйцэтгэнэ.

Дөрөв. Хаягийн нэр, дугаар олгох

4.1. Газар нутаг, хот, суурины гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг, үл хөдлөх эд хөрөнгөд нэр өгөх, нэрийг өөрчлөх, нэрэмжит болгох санал боловсруулах үүрэг бүхий орон тооны бус комиссыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, багийн Засаг даргын шийдвэрээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийн оролцоотойгоор байгуулна. Шаардлагатай гэж үзвэл энэхүү орон тооны бус комисс нь иргэд, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийж болно.

4.2. Хэлэлцүүлэгт орж шийдвэрлэгдсэн хаягийн нэрийн саналыг тухайн орон нутгийн геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь газар зүйн нэрийн тольтой тулган шалгаж зөрчилгүй тохиолдолд тухайн шатны Засаг даргаар уламжлан  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан шийдвэрлүүлнэ.

4.3. Хаягийн нэр нь Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн нэр алдарыг мөнхлөх болон түүх, соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэгдсэн энгийн, ойлгомжтой нэр үгээр илэрхийлэгдсэн байна.

4.4. Хаягийн нэр нь харьяалах засаг захиргааны нэгж дотроо дахин давтагдашгүй байна. Үүний тулд ижил нэрийг тодотгож болно.

4.5. Хаягийн нэрийг түүхэн хүний нэрээр нэрлэсэн байвал, эхлээд овог, нэр түүний ард газар нутаг, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсгийн нэрийг бичнэ гэсэн дарааллыг баримтална. Нэрийг товчлохгүй, овгийг товчилж болно. Мөн эрдмийн, эсхүл цэргийн цол, мэргэжил зэрэг орсон байж болно. Хэрвээ нэр нь хэд хэдэн үгээс бүтсэн бол тэдгээрийг зайгаар тусгаарлах ба том үсгээр эхлүүлж бичнэ. Жишээлбэл: Л.Дандарын гудамж, эсхүл Хатанбаатар Магсаржавын гудамж.

4.6. Гудамжны дугаарыг уулзвараас дараагийн уулзвар хооронд олгоно. Нэрийн ард зураас татаж зай авалгүйгээр араб тоогоор дугаарыг бичнэ.

4.7. Тухайн нутаг дэвсгэр бүр дэх суурьшлын төвөөс гадагш чиглүүлэн эхлэлийг тогтоож үл хөдлөх хөрөнгийн дугаарыг олгоно. Өмнөд, умард, баруун, зүүн гэсэн тодотголуудыг ашиглаж болно.

4.8. Гудамжны байршил тойргийн хэлбэртэй бол баруун талаас нь гудамжны эхлэлийг тогтоож, цагийн зүүний дагуу байшин, барилгын дугаарыг дараалсан хувьсах дугаарлалтын аргаар олгоно.

4.9. Хаягийг дараах үл хөдлөх эд хөрөнгөд олгоно:

4.9.1. Өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар, түүний хуваагдалд;

4.9.2. Өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар болон түүний дээрх ашиглалтад орсон газар дээрх болон доорх барилга.

4.10. Дараах обьектуудад хаяг олгохгүй:

4.10.1. Цахилгааны болон харилцаа холбооны шугаман байгууламж;

4.10.2. Түр болон дуусаагүй барилгад.

4.11. Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг дараалсан хувьсах дугаарлалтын аргаар дугаарлана.

4.12. Хөдөө орон нутагт орших гудамж, зам, талбай, хотхоны зохион байгуулалтад ороогүй өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд засаг захиргааны нэр болон газар зүйн нэрийг үндэслэн хаягжуулна.

4.13. Гудамжны нүүрэн талдаа байршилтай байшин, барилгыг тухайн гудамжны эхлэлээс дэс дараалан гудамжны баруун гар талд байршилтай байшин, барилгыг тэгш тоогоор, зүүн гар талд байршилтайг сондгой тоогоор дугаарлана.

4.14. Гудамжны нүүрэн талдаа бус байршилтай байшин, барилгыг хаягжуулахдаа орц буюу хаалга нь харсан талын гудамжинд хамааруулна.

4.15. Талбай, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэгт байршилтай хашаа, байшин, барилгыг орох хаалгаас эсхүл чанх баруун талын цэгээс эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана.

4.16. Урьд нь хаягжуулсан хоёр барилга, байгууламжийн дунд байрлах барилга, байгууламжийг дугаарлахдаа хаягжуулсан барилга, байгууламжуудын бага дугаарыг авч, түүний ард үсэг, тоо нэмж дугаарлана. Жишээ нь: 15а; 15б;

4.17. Орон сууц, нийтийн байран дахь сууцны өрөөг нэг давхраас эхлэн цагийн зүүний дагуу дугаарлана.

4.18. Хот, хөдөө, орон нутаг сум, суурины нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн иж бүрдлийн бичиглэл нь:

Улс: Монгол Улс.

Хот, аймаг: Улаанбаатар, Архангай (хот, аймгийн нэрийг заавал бичих)

Дүүрэг, сум: Баянгол, Ихтамир гэх мэт

Хороо, баг: 10 дугаар хороо, Борт  гэх мэт

Хаягийн нэр, дугаар: Жамсрангийн гудамж-2, Донойн хөндий

Үл хөдлөх эд хөрөнгийн дугаар:108, Доржийн өвөлжөөний

Орц:орц-1

Хашаа, байр, өрөө, сууцны хаалганы дугаар: 9

4.19. Хаягийг энэхүү журмын 4.18-д заасан иж бүрдлээр Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэнэ.

4.20. Түргэн тусламж, гал команд гэх мэт үйлчилгээний байгууллага энэхүү журмын 4.18-д заасан хаяг бүхий обьектод суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээг үзүүлэхдээ дээрх хаягийн иж бүрдлийг хаягжуулалтын стандартад заасны дагуу хураангуйлсан хэлбэрээр хэрэглэж болно.

4.21. Дэлгэрэнгүй болон хураангуйлсан хаягийг Монгол Улсын албан ёсны хэл болох монгол хэлээр бичих ба холбогдох стандартууд[3] болон хаягжуулалтын стандартыг баримтална.

4.22. Энэхүү журмын 4.18-д заасан хаяг бүхий обьектод суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шууданг хүргэхдээ хаягийн иж бүрдлийг хаягжуулалтын стандартад заасны дагуу хураангуйлсан хэлбэр, зип код, холбогдох шуудангийн салбарын нэр, дугаар, шуудангийн хайрцагны дугаар, шуудан хүргэлтийн шугамын дугаар зэргийг бичиж хэрэглэнэ.

4.23. Хашаа, байшингийн дугаарын ард хашаа, байшин гэж бичихгүй зөвхөн дугаарыг тавина. Жишээ нь: Сүхбаатарын гудамж-11 (Үүнийг Сүхбаатарын гудамжны 11 дүгээр байшин гэж уншина.)

4.24. Үл хөдлөх эд хөрөнгийн дугаарыг зөвхөн араб тоогоор, жижиг үсэг нэмэх боломжтой байхаар бичнэ. Үсгийг тооны дараа зай авахгүй бичнэ. Жишээ нь: 8а.

4.25. Хаягжуулсан үл хөдлөх эд хөрөнгийн бүх нэрийг хаалт, хашилтгүй бичнэ.

 

Тав.Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар

“Хаягийн зураг”-ийг оруулан албажуулах

 5.1. Байр зүйн зураг, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын гурав, дөрөвдүгээр зүйлийг баримтлан хийж гүйцэтгэсэн хаягийн төслийн зургийг, хаягжуулах үйл ажиллагааны төсвийн хамт тухайн шатны Засаг даргаар уламжлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулна.

Зургаа. Хаягийн тэмдгийг бэлдэх, газар дээр байрлуулах, эзэмшигч, ашиглагчтай нь хадгалалт, хамгаалалтын гэрээ байгуулах

6.1. Хаягжуулалтын стандартыг геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж зохих хууль, журам, дүрмийн дагуу баталгаажуулна.

6.2. Хаягийн тэмдгийг энэхүү журмын 6.1-д заасан стандартын дагуу хийнэ.

6.3. Засаг захиргааны нэгжийн хил заагийг улс, орон нутгийн баталгаат зам дайран өнгөрөх тухай бүрд хаягийн зураг байрлуулсан байх ба замын дагуу түүний хоёр талд дууссан, эхэлсэн засаг захиргааны нэгжийн нэрийг 500 метрийн зайд тавина.

6.4. Газар нутгийн хил зааг тус бүрийг улс, орон нутгийн баталгаат зам дайран өнгөрөх бүрд тухайн газар усны нэр бүхий чиглэл заасан тэмдэг байрлуулна.

6.5. Гудамж, зам, өргөн чөлөөний хаягийн тэмдгийг уулзвар бүр дээр хаягжуулалтын стандартад заасны дагуу байрлуулна. Өргөн чөлөөний уулзвар дээр явган хүний гарцын ойролцоо 4 талд, бусад уулзвар дээр 2 талд нь байрлуулна. Энэхүү хаягийн тэмдгийн 3 метрийн радиуст багтах орчинд түүнийг хааж төрөл бүрийн рекламны самбар байрлуулахыг хориглоно.

6.6. Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 3.1.7, 3.1.8-д заасан олон улсын болон улсын чанартай замын дагуух хаягжуулалтыг геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.

6.7. Монгол Улсын “Авто замын тухай” хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан орон нутгийн чанартай замын дагуух хаягжуулалтыг орон нутгийн байр зүйн зураг, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцан зохион байгуулна.

6.8. Шаардлагатай гэж үзвэл гудамж, зам, талбайн дунд хэсэгт хаягийн тэмдгийг байрлуулж болно.

6.9. Барилгын дугаарыг хаягжуулалтын стандартын дагуу бэхэлж байрлуулна.

6.10. Орон сууц, барилга, байгууламжийн доторхи хаалга, хашааны хаалганы дугаарыг тухайн хаалгыг голлуулан дээд захад нь байрлуулна.

6.11. Талбай, хороолол, хотхон, байгууламж болон төлөвлөлтгүй суурьшсан хэсгийн хаягийн тэмдэг болон хаягийн зургийг тэдгээрт орох замын баруун гар талд хаягжуулалтын стандартын дагуу тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигчид өдөр, шөнийн цагт саадгүй харагдахуйц газар байрлуулна.

6.12. Хаягийн зураг, тэмдгийг газар дээр байрлуулмагц аймаг, нийслэлийн геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хаягийн тэмдгийн хадгалалт, хамгаалалтын гэрээг холбогдох иргэн, хуулийн этгээдтэй тус тус байгуулна.

6.13. Хаягийн тэмдгийн хадгалалт, хамгаалалтын гэрээнд тэмдгийн өнгө үзэмжийг сэргээх, бүрэн бүтэн байдлыг хариуцах хариуцлага зэргийг тусгасан байхаас гадна эвдэрч гэмтсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг нарийн зааж өгсөн байна.

 Долоо. Хаягийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулах, хаягийн жагсаалт хэвлэх

 7.1. Хаягийн зургийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулан баталгаажуулж, стандартын дагуу хаягийн тэмдгийг бэлдэж, зохих газарт байрлуулмагц хаягийн мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн санд тоон хэлбэрээр оруулж нэгж талбарын хувийн хэрэгт эх хувийг хавсаргана.

7.2. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулан баталгаажаагүй хаягийг Газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хориглоно.

7.3. Шинээр хаяг олгох, өөрчлөхдөө тухайн орон нутгийн геодези, зураг зүй, кадастрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын газрын кадастрын мэдээллийн санд тулгалт хийж зөвшөөрөл авсаны үндсэн дээр гүйцэтгэнэ.

7.4. Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийн агуулгын стандартыг геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж зохих хууль, журам, дүрмийн дагуу баталгаажуулна.

7.5. Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн жагсаалтыг засаг захиргааны нэгж тус бүрээр Газрын кадастрын мэдээллийн сангаас зөвхөн хаягийн иж бүрдлээр хэвлэж гаргана.

7.6. Улсын батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий обьектын байрлал, обьектын зургийг нийтийн хэрэгцээний хаягийн жагсаалтад оруулахгүй.

7.7. Хаягийг илэрхийлсэн баримт, хувийн хэрэг үүсгэх, өөрчлөх, цуцлах асуудлыг “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль”, “Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх, хөтлөх журам”-аар зохицуулна.

Найм. Баталгаажсан хаягийн зургийг нийтийн хэрэгцээнд гаргах, олон нийтэд мэдээлэх

8.1. Газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлэн гаргасан баталгаажсан хаягийн жагсаалтаар нийтийн хэрэгцээний хаягийн зургийг хийнэ. Нийтийн хэрэгцээний хаягийн зургийн масштаб нь энэхүү журмын 3.1-д заасантай адил байна.

8.2. Хаягийн зургийн стандартыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулан зохих хууль тогтоомжийн дагуу баталгаажуулна.

8.3. Нийтийн хэрэгцээний хаягийн зургийг жилд нэг удаа шинэчлэн гаргаж байх бөгөөд энэ хүртэл хаягийн жижүүрийн зураг нь Газрын кадастрын мэдээллийн санд тоон байдлаар хөтлөгдөж байх болно.

8.4. Хаягийн мэдээллийг олон нийтэд дараах хэлбэрээр мэдээлнэ. Үүнд:

8.4.1. хаягийн зургийг гудамж, замын эхлэл, талбай болон хаягийн бусад элементүүдэд нийтэд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулах;

8.4.2. хаягийн альбом, атлас, каталог гаргах;

8.4.3. аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн самбар, үйлчилгээний байгууллагууд дээр хаягийн зургийг байршуулах;

8.4.4. засаг захиргааны нэгж, хаягийн бүсийн хэмжээгээр хаягийн зураг өврийн дэвтэр хэлбэрээр гаргах;

8.4.5. телевиз, радиогоор мэдээлэх;

8.4.6. интернет, веб сайтаар болон бусад хэлбэрээр.

Ес.Үл хөдлөх хөрөнгийн хаяг, дугаарыг өөрчлөх, хүчингүй болгох

9.1. Хаягийн өөрчлөлтийг хаягийн давхардлыг арилгах, үл хөдлөх хөрөнгийн дугаарлалтыг цэгцлэх зорилгоор хийнэ.

9.2. Хаягийг засаг, захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг, үл хөдлөх эд хөрөнгийн нэрд өөрчлөлт орсон тохиолдолд геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрчилнө.

9.3. Үл хөдлөх эд хөрөнгийг байхгүй болсныг баталсан эрх бүхий байгууллагын актыг үндэслэн хаягийг хүчингүй болгоно.

9.4. Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах зөвшөөрлийн төсөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх захирамжийн төсөл, бусад эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй баримт бичиг дээрх хаягийг урьдчилсан хаяг гэж үзнэ.

Арав. Хаягжуулах үйл ажиллагааны санхүүжилт

10.1. Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сан дахь хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулах, нийт үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах зорилгоор хийгдэх үйл ажиллагааг улсын төсвөөс нэг удаа санхүүжүүлнэ.

10.2. Цаашид орон нутаг өөрийн санхүүжилтээр тухайн нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн мэдээллийг энэхүү журам болон хаягжуулалтын стандартын дагуу нэгдсэн журмаар шинэчлэх ажлыг зохион байгуулж болно.

10.3. Хаягийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиодолд холбогдон гарах зардлыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд төлнө.

Арван нэг. Журмын биелэлтэд хяналт тавих

11.1. Хаягжуулалтын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журам зааврыг улсын нийт нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжүүлж байгаад геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бөгөөд орон нутагт өөрийн харьяа нэгжээр дамжуулан ажиллана.

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт