Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт, хариулт

Асуулт: ТҮЦ машинаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ямар үйлчилгээг авах боломжтой вэ ?

Хариулт: “Төрийн үйлчилгээний цахим” машинаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн  лавлагааг авч болно. Гэхдээ нийслэлийн 9 дүүрэг болон эд хөрөнгийн архивын нотлох баримтын цахимжуулалт хийгдсэн Баянхонгор, Дархан, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд,  Хэнтий аймгийн хүрээнд  иргэн өөрөө ТҮЦ-ээс лавлагаа авах боломжтой,  харин бусад 11  аймгийн тухайд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ-ээс авах боломжгүй.

Асуулт: Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр ямар үйлчилгээг үзүүлдэг вэ ?

Хариулт: Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ буюу бэлэглэх, худалдах, худалдан авах, арилжааны гэрээнүүд, бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах бүртгэл, мөн барьцааны болон түрээсийн гэрээ, лавлагаа авах үйлчилгээ хийгдэж байна.  Харин газар болон газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн анхны  бүртгэл, шүүхийн болон албадан дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжих, гээгдүүлсэн гэрчилгээ шинээр авах, эрхийн улсын бүртгэлийг хаах зэрэг үйлчилгээнүүд тус тус хийгддэггүй болно.

 Асуулт: Зээл авч, үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалахад лавлагаа шаарддаг. 100 айлд орших Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авч болох уу?

Хариулт: Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн улсын бүртгэлийн хэлтсээс, мөн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төв /6 буудлын ойролцоо/-д байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авч болно. Түүнчлэн өмчлөгч өөрөө төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой. Харин 100 айлд орших Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгодоггүй болно. 

Асуулт: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай юу?

Хариулт: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар  гэрчлүүлж болно.” гэж заасан тул заавал гэрчлүүлэх шаардлагагүй, харин талуудын аль нэг нь хүссэн тохиолдолд нотариатаар гэрчлүүлнэ. 

Асуулт: Орон сууцаа бэлэн мөнгөөр худалдаж авсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татвар өндөр байдаг тул бэлэглэлийн гэрээ байгуулмаар байна? Бэлэглэлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээний  ялгааг тодруулж өгнө үү?

Хариулт:  Тухайн орон сууцыг худалдан авсан бол худалдах, худалдан авах гэрээ байгуулах нь зүйтэй бөгөөд эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтай.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу  худалдах худалдан авах гэрээгээр тохирсон үнийг төлдөг. 

 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.” гэж зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй хийгддэг гэрээ юм.

Асуулт: Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон  хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх эрхүүдийг нэг мэдүүлгээр  бүртгүүлж  болох уу?

Хариулт: Хуульд заасан эд хөрөнгийн эрхүүдийг бүртгүүлэхтэй зэрэгцэн эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх  зэрэг нэгэн зэрэг үүсч болох эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгүүлж болно.

Асуулт: Шүүх арбитрын шийдвэрээр өмчлөх эрх шилжиж байгаа болон албадан дуудлага худалдаагаар худалдагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй бол  хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт: Энэ тухай мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг үндэслэн Улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцдог.

Асуулт: Гадаадын иргэн Монгол улсад газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, өмчилж болох уу?

Хариулт: Газрыг зөвхөн Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлдэг тул гадаадын иргэн монгол улсад газар өмчлөх боломжгүй, харин Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байж болно.

Асуулт: ТҮЦ машинаас лавлагаа авахад тухайн эд хөрөнгө өмчлөгчийн талаархи мэдээлэл алдаатай, зөрүүтэй гарсан тохиолдолд яах вэ?

Хариулт: Тухайн эд хөрөнгийн оршин байгаа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст нэн даруй мэдэгдэж хүсэлт гаргах бөгөөд уг хүсэлтийн дагуу эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд засвар өөрчлөлт оруулсаны дараа ТҮЦ машинаас дахин лавлагаа авах боломжтой. 

Асуулт: Хаан банкнаас 2016 онд орон сууцаа барьцаалан зээл авсан бөгөөд уг зээлээ төлж дуусаагүй байгаа. Одоо дахин өөр банк, эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах хүсэлтэй байна. Энэ тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хариулт: Хаан банкнаас гэрээний үүрэг дуусгавар болоогүй ч тухайн эд хөрөнгийг давхар барьцаалахыг зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, барьцаалагчтай байгуулсан гэрээ, мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

 

 

 

 

 

Видео мэдээ

ХАРИЛЦАХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 14171 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Цагдаагийн гудамж
Ажлын цаг : Даваа - Баасан гариг, 8.30 - 17.30 цаг
Бямба, Ням амарна.
Утас : 1800-1890, 320502 /энгийн утасны тарифаар/
И-мэйл хаяг : contact@burtgel.gov.mn
Вэб сайт : http://burtgel.gov.mn

Хайлт